Тус Ордныг Бүх Холбоотын /хуучин нэрээр/ ҮЭ-ийн Төв Зөвлөл, Зөвлөлтийн Барилгын II трестээр бариулж, 1975 оны 11 дүгээр сарын 05-нд МҮЭ-ийн Төв Зөвлөлд бэлгийн журмаар хүлээлгэн өгсөн бөгөөд МҮЭ-ийн холбооны харъяа өмчийн байгууллага юм.
Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөөнд байрлалтай тус ордон нь 12000м2 ашигтай талбайтай, 1000 хүний суудалтай концертын, 300 хүний суудалтай кино, хурал, зөвөлгөөний, 250 хүний суудалтай биеийн тамир спортын заал, үзэсгэлэнгийн танхим, төрөл бүрийн сургалтын зориулалтаар тоноглогдсон өрөө тасалгаатай.
Иргэд хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүдийн амралт чөлөөт цагт зориулсан олон төрлийн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна соёл урлаг, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх сурталчилах зорилгоор дуу хөгжим, драм, бүжиг, цирк, уран зураг, гэрэл зураг, хийл, төгөлдөр хуур, ятга, морин хуур, сагсан бөмбөг, волейбол, талбайн теннис, ширээний теннис, шатар, уран сайхны болон спортын гимнастик зэрэг урлаг уран сайхны болон спортын 20 гаруй сургалт дугуйлан, секц хичээллэж жилд 2000 орчим хүүхэд, залуучууд суралцаж байна. Мөн тус ордны дэргэд “Юнион” боловсролын төвийг шинээр байгуулж, тус төвд гадаад хэлний сургалт, хичээлийн хоцрогдол арилгах, ЭЕШ-д бэлтгэх сургалт, гар зураг, гар урлал, иога зэрэг хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн сургалтууд тогтмол хичээллэж байна.
Тэрчлэн циркийн “Хүслийн жигүүр” хамтлаг, ардын бүжгийн “Хараацай”, “Ахмадын цуурай” чуулга, “Дайчин алдар”, “Хөдөлмөрийн алдар” клуб, дуу хөгжмийн “Айзам”, “Эгшиглэн“ хамтлаг зэрэг 10 гаруй хамтлаг, чуулга байгуулагдан ажиллаж байв.
Одоогоор Юнион боловсролын төвд Спорт урлагийн болон гадаад хэл ЭЕШ-д бэлтгэх хичээлүүд, төрөл бүрийн спортын секц дугуйлангуудад жилдээ 2000 орчим хүүхэд суралцаж байна.
Манай ордонд Азийн Энхтайвны бага хурал, Дэлхийн Монголчуудын их чуулган, Олон улсын Монголч эрдэмтдийн их хурал, Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал, Орос, Хятад, Япон, Энэтхэг зэрэг олон орны театр, чуулгын тоглолт, зэрэг гадаад, дотоодын томоохон арга хэмжээнүүд зохиогддог.
Тус ордны хамт олон үндэсний соёл, зан үйлийг сэргээх зорилгоор ардын уламжлалт дуут тоглоом “Дэмбээ” наадам, “Бөөгийн бүжгийн наадам”, “Дуучин гэр бүл”, “Урт гэзэгтэй Монгол бүсгүй”, “Гоц авъяастны гайхамшиг” “Баян хуур хөөрөгт хөгжим” тоглогчдын, Ардын цөөхүүл хөгжимчдийн, Морины тухай дуу дуулаачдын, Мэргэжлийн морин хуурчдын улсын уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан нь уран бүтээлчид, үзэгч олны сайшаал талархлыг зүй ёсоор хүлээсэн байна.
Сүүлийн жилүүдэд соёл урлагийн бие даасан ажлууд болон спортын олон төрөлт тэмцээн уралдаануудыг тогтмол амжилттай зохион байгуулж байна. Тухайлбал: Хүүхэд залуучуудын дунд “Бяцхан ханхүү” уралдаан, “Хараацай” бүжгийн урлагийн наадам, “Урт гэзэгтэй монгол бүсгүй” улсын уралдаан, “Тунамал авъяас” ахмадын урлагийн наадам, “Ажилтны урлаг”-ийн наадам, “Боловсролын супермаркет”, “Эрүүл мэндийн үзэсгэлэн”, “Цагаан сарын үзэсгэлэн”, “Цагаан бэрс” шатрын тэмцээн, “Мини шатар” тэмцээн уралдаан, “3х3 өсвөрийн сагсан бөмбөг”-ийн тэмцээн, “Summer league” тэмцээн, Сурагчдын дундах волейболын тэмцээн уралдааныг жил бүр зохион байгуулж байна.
. Ийнхүү тус ордон олон улсын болон улсын чанартай томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, төр засгаас баримталж буй соёлын бодлогын дагуу үйл ажиллагааныхаа хүрээг жилээс жилд өргөтгөж буй манай орны соёл урлаг, спортын томоохон төв юм.
Тус ордны үе үеийн хамт олны ажил үйлс, амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2015 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдсан.
Түүнчлэн “Нийслэлийн соёлын тэргүүний байгууллага”, Нийгмийн даатгалын газраас “Шимтгэл төлөгч тэргүүний байгууллага”, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргын тамгын газраас “Хөрөнгө оруулалт-Хот тохижилтын тэргүүний байгууллага”, “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон” зэрэг шагналуудаар шагнагдсан.
Тус ордон нь Соёл спорт хамтын ажиллагааны алба, Санхүү аж ахуйн алба, Техникийн алба, Үйлчилгээний алба гэсэн 4 албатайгаар ажиллаж байна.
© 2024 он. Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency